Дэчинхүүгийн Ариундэлгэр нь 1973 онд төрсөн, мэргэжлийн загвар зохион бүтээгч бөгөөд Монголын Haute Couture/франц хэлээр: “Ут Күтүх” дээд зэрэглэлийн хувцас загвар урлал/ хувцас загварын тэргүүлэгч уран бүтээлч юм. Ариундэлгэр /Ариук нэрээр олонд танигдсан/ нь арьс-шир, нэхий, үслэг арьс, ноос ноолуур-кашмер, торго, эсгий зэргээр урлах загварын төрөл бүрийн уран чадвартай уран бүтээлч юм. Тэрээр нүүдэлчдийн хувцас, чимэглэлийн уламжлалт зураглалыг сүүлийн хэдэн арван жилд орчин үеийн загварын ертөнцөд дахин танилцуулсаар байгаа билээ.
Түүний эцэс төгсгөлгүй бүтээлч чанар нь Үндэсний Баяр Наадмын тоглолтод үндэсний хувцас чимэглэлийн уламжлалыг агуулсан загварын хувцас урлаж Haute Couture хувцас загварыг таниулахаас эхлээд Үндэсний Драмын Эрдмийн Театрын үндсэн тоглолтод өмсөж хэрэглэх тайзны хувцас загвар болон Чингис Хааны Музейн үзмэр болох эртний Хаан, Хатанд өмсүүлсэн эртний язгууртны хувцсыг сэргээн урласан зэргээр олон танигдаж, түүний гойд чадвар бүхий оюуны чадамж, мэдлэг, туршлагын цар хүрээг илтгэн харуулсаар байна.
Ариук нь 1995 оноос мэргэжлийн замналынхаа /карьерынхаа/ гуч гаруй жилийн турш Монгол Улсын тэргүүлэх зэргийн кашмер болон арьсан эдлэлийн компаниудад ажиллаж өөрийн шинийг санаачлагч, зоригтой, сэргэлэн овсгоотой чанарыг харуулсаар ирсэн ба үндэсний хэмжээнд зохион байгуулагддаг Гоёл/Goyol хувцас загварын жил бүрийн шоунд эмэгтэй хувцас загварыг урлан толилуулж байсан. Түүний зохион бүтээсэн торгон савхин болон үслэг эдлэлийн коллекц нь 1995 онд, ноос ноолуур болон кашмер коллекц нь 1996 онд тэргүүн байрын шагналыг хүртэж байжээ.Тэрээр маш амжилттай ажиллаж байсан боловч өөрийн хувцас загварын коллекцоо бүтээх хүсэлт тэмүүлэлдээ хөтлөгдөн 1997 онд ажлаасаа гарч хувийн карьераа эхлүүлсэн нь Монгол загварын хувцас чимэглэл бүхий үзэсгэлэнт эмэгтэйчүүдийн дүр төрхийг илэрхийлсэн загварын коллекцоо бүтээх хүслээ биелүүлэх эхлэл болсон юм.
Хувийн карьераа эхлүүлж ажилдаа ханцуй шамлан орсон тэрээр өөрийн нэрийн хуудас болсон загварын коллекцоо бүтээсэн нь Гоёл загварын шоунд 1999 оны “Шилдэг загвар зохион бүтээгч” шагналыг авчирчээ. Түүний бүтээсэн “Миний Монгол” нэртэй коллекц нь Монголын загварын ертөнцийн түүхэнд бичигдэн үлдсэн юм. Ариук нь Монголын үндэсний хувцаслалтын элементүүдийг орчин үеийн хувцас загварын трендүүдэд ашигласан анхны уран бүтээлч юм. Түүний бүтээсэн Haute Couture загварын нарийн чамин хатгамал, том боловч өвөрмөц нарийн хийцтэй толгойн алт, мөнгөн гоёл, дээд зэргийн торгон болон үслэгээр урласан гоёл чимэглэлүүд нь орчин үеийн загварын ертөнцөд ихээхэн хэмжээний нөлөө үзүүлсэн. Түүний өөр нэгэн “Миний Монгол” нэртэй коллекц нь дараагийн жилд зохион байгуулсан Гоёл загварын наадамд мөн “Оны Шилдэг Загвар зохион бүтээгч” шагналыг авчирчээ.
Тэрээр шаргуу хөдөлмөрлөж, бүтээлүүдээ улам сайжруулан, нарийн деталь бүхий бүтээлүүдээрээ загварын шоунд оролцсоор ирсэн. Нүд гялбам чамин тансаг, гайхалтай үзэсгэлэн төгөлдөрт тэмүүлсэн тэвчээр, хүсэл тэмүүлэл бүхий дээд зэргийн загварууд нь түүнийг 2005, 2005 онуудад Улаанбаатар хотод зохион байгуулсан Гайхамшигт Монгол Хувцас нэрт, жил бүрийн олон улсын хувцас загварын наадамд шилдэг загвар зохион бүтээгч шагналыг мөн авчирчээ. Мөн 2005 онд ОХУ-ын Улаан-Үүд хотод зохиогдсон Дэлхийн Монгол Үндэстнүүд Хувцас Загварын Наадамд шилдэг загвар зохион бүтээгч шагнал хүртсэн. Ариук нь үндэсний түүхээ нэвтэрхий судалсан, эх түүхээ гүн гүнзгий хайрладаг учир үндэсний загварын хувцас урлал, гоёл, чимэглэл, ялангуяа хатдын гоёл чимэглэлийн урлалаар мэргэшсэн нэгэн юм. Түүнчлэн Ариук нь Монгол хувцасны уламжлалын талаар эртний ном, судраас судалгааны ажлаа үргэлжлүүлсээр байна. Түүний карьерын өөр нэгэн ажил нь 2006 оны 10 дугаар сард Европоор аялсан Их Гүрний Бахархал – 800 нэртэй коллекц бөгөөд Монгол хаан, хатдын хувцас, чимэглэлийг дахин сэргээж, урлах нарийн төвөгтэй урлахуйн бүтээл байлаа.
Торгон дээр урласан хар, цагаан уран зураг, үслэг, нарийн шаглаас бүхий хатгамал бүхий хувцас, хэрэглэл, мөнгө, шүр, сувдаар хийсэн том хэмжээтэй гоёл, чимэглэлтэй эмэгтэйлэг загвар нь Ариукын нэрийн хуудас юм.
2006 - 2008 оны хооронд БНХАУ-ын Соёл, боловсролын яамны харьяа Shi Qi компанид загвар зохион бүтээгч, 2009-2010 оны хооронд ОХУ-ын Тувагийн Соёлын яамны урилгаар Тувад ажилласан. Үүний дараа тэрээр Монголын эртний түүх, соёлын талаарх судалгаагаа 2011-2013 оны хооронд БНХАУ-ын Хөх хотод сургуулийн дүрэмт хувцасны загвар дээр ажиллахдаа үргэлжлүүлэн хийсэн байна. 2015 оноос эхлэн өөрийн уран бүтээлийн цар хүрээгээ тэлж тайз, дэлгэцийн уран бүтээлийн хувцас загварын уран бүтээл хийж эхэлсэн бөгөөд Шекспирийн “Ромео Жулиет” жүжгийн тайзны хувцасны загварыг бүтээсэн. Үүний дараагаар “Тэнгэрийн томилгоот МОНГОЛ” хамтарсан концертын тайзны хувцас загварыг мөн бүтээжээ. Риогийн 2016 олимпод оролцсон Монголын баг тамирчдын нээлтийн арга хэмжээнд өмссөн спортын хувцасны загварыг бүтээсэн ба 2017 онд БНХАУ-ын Ордос хотын Түүхийн музейн ажилтнуудын дүрэмт хувцасны загварын зохион бүтээжээ.
2018 оны хувьд амжилт дүүрэн бас нэгэн жил байлаа. Энэ жил тэрээр Монголын рок хамтлагийн брэндийн ажлаа дуусгамагцаа “Алалтун БЭХИ” түүхэн зохиолт киноны хувцас загварыг бүтээсэн байна. мөн ИБУИНВУ-ын Лондон хотын Загварын Наадамж Сэцэн Фэшн брэндийг толилуулжээ. 2019 онд Үндэсний Урлагийн Театрын МАРКО ПОЛО түүхэн тоглолтын хувцас загварыг урлаж дуусгасан ба 2019, 2022 онуудад Үндэсний Их Баяр наадмын нээлт, хаалтын ёслолын ажиллагааны хувцас загварыг бүтээжээ. Өргөн цар хүрээтэй мэдлэгийнхээ ачаар Ариук нь 2021 онд Чингис Хааны Музейн ханыг Үндэсний уламжлалт уран зургаар чимэглэх ажилд уригдсан бөгөөд эртний язгууртны хувцас, хэрэглэл буюу 13-14 дүгээр зууны үеийн Монгол хаан, хатдын хувцас хэрэглэлийг сэргээх ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Мөн тус музейн найрал хөгжмийн бүх хувцасны загварын бүтээжээ. Түүний урлахуйн цар хүрээ нь энгийн хувцас хэрэглэлийг хамардаг боловч эдгээр нь хурц, тод өнгөний сонголттой, цог жавхаатай зураг, зураглал бүхий, түүний бүтээлч байдлыг илэрхийлсэн, амьдралын олон өнгө төрхийг илэрхийлсэн, түүний олон төрлийн туршлагаас урган гарсан илэрхийллүүд байдаг. Заримаас нь дурдвал амьдралын олон өнгө төрх, хүний шунал хүслийн муу, муухай, хүний мөн чанарт агуулагдах бузар булай нь байгаль эхээ хэрхэн сүйтгэж байгаа талаар илэрхийлсэн зураг, дүрслэлүүд зэрэг байдаг байна.