Манай “Сэцэн фэшн” ХХК нь Экспортыг дэмжих төслийн түншлэлийн хөтөлбөртэй гэрээ байгуулсныг дуулгахад таатай байна. Энэхүү хамтын ажиллагаа нь манай компанийн хувьд дэлхийн зах зээлд өөрсдийгөө танилцуулж, экспортын хүчин чадлаа нэмэгдүүлэхийг зорьж буй томоохон үйл явдал юм.
Монгол Улсын уул уурхайн бус салбарын жижиг дунд аж ахуйн нэгж, кластеруудын экспортын чадавхийг сайжруулах, экспортын зах зээлээ тэлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилго бүхий "Түншлэлийн хөтөлбөр" нь 2017 оноос манай улсад хэрэгжиж байгаа юм. Энэхүү хөтөлбөр нь экспортод чиглэсэн үйлдвэрлэл, аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэл, мэдээллийн технологи зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг, техникийн туслалцаа, сургалтыг явуулдаг.
Уул уурхайн салбараас хэт хамааралтай Монгол Улсын эдийн засгийг солонгоруулах Засгийн газрын бодлогын хүрээнд 2023 оныг дуустал хэрэгжиж буй Экспортыг дэмжих төслийн Түншлэлийн хөтөлбөр экспортын чиг баримжаатай аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг олгодог бөгөөд 2022 оноос эхлэн тус хөтөлбөрийг Жижиг, дунд үйлдвэрийн газартай хамтран хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд Сэцэн Фэшн ХХК нь соёлын бүтээлч үйлдвэрлэлийн чиглэлээр 2022 оны 3-р сард анхны өргөдөлөө өгсөн ба олон шатны шалгалт, шалгууруудад тэнцсэнээр 2022 оны 11-р сард "Түншлэлийн хөтөлбөр”-тэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Сэцэн Фэшн ХХК нь Экспортыг дэмжих төслийн хүрээнд үндсэн 3 үйл ажиллагаа явуулахаар төлөвлөөд байгаа юм. Төслийн хэрэгжүүлэх хугацаа богино боловч амжилттай хэрэгжүүлсэнээр манай бүтээгдэхүүнүүд дэлхийн зах зээлд нэвтрэх боломжууд бүрдэнэ гэж үзэж байна.
Бид энэхүү засгийн газраас хэрэгжүүлж буй Түншлэлийн хөөлбөрийн нэг хэсэг болсондоо бахархаж байгаа бөгөөд экспортын зорилгодоо хүрэхийн тулд энэхүү хөтөлбөр нь бидэнд ихээхэн дэмжлэг болно гэж найдаж байна. Бид уул уурхайн бус салбарын бусад ЖДҮ эрхлэгч аж ахуй нэгжүүдийг Түншлэлийн хөтөлбөрийн боломжуудыг судалж, дэлхийн зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ хүрээг тэлэхээр бидэнтэй нэгдэхийг уриалж байна.